Tuesday, May 26, 2009

“ӨӨРЧЛӨХ ҮҮ” буюу Улс төрийн брэндинг



Маркетингийн гуру Al Ries-ийн тодорхойлсноор “Шилдэг брэнд болохын тулд хэрэглэгчийн ой ухаанд ямар нэгэн үгийг эзэмших хэрэгтэй.”

Таны үг ямарваа нэгэн санаа, шинж чанар, нэр төрөл, сегмент, хэрэглэгч эсвэл үнэ гэх мэт маш олон зүйлс байж болно. Хамгийн гол хэрэглэгчийн ой ухаанд тухайн брэндийг төлөөлж чадахуйц энгийн, ганц үгийг л эзэмших хэрэгтэй.

Алдартай брэндүүдийг жишээ болгон сонирхоцгооё.

The real thing – Coca Cola

Unassembled furniture – Ikea

Internet search – Google

Internet videos – Youtube

Expensive coffee- Starbucks

Expensive watch – Rolex

Cheap – Wallmart

Улс төрийн маркетинг ч бүтээгдэхүүний маркетингаас ялгаагүй. Гэхдээ бүтээгдэхүүнүүд зах зээлд эзлэх хувиараа 1 юмуу 2 эсвэл 3-р байрыг эзлэн оршсоор байдаг бол харин улс төрд 2 эсвэл 3-р байр гэсэн ойлголт байхгүй. Нэг бол ялна, нэг бол ялагдана. Ялах, ялахгүй л чухал. Нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авч 2-рт орсон нь сонин биш.

Бүгдээрээ 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг эргэн санацгаая. Тухайн үед БНН-аас George Bush, АН-аас Al Core нар нэр дэвшин өрсөлдөж байлаа.

Хэрхэн улс төрд амжилт олох вэ? Хэрхэн сонгуульд ялах вэ?

Хүчирхэг брэндийг бүтээснээр л сонгуульд ялж чадна. Улс төрийн хүчирхэг брэндийг яаж бүтээх вэ? Яг л бүтээгдэхүүн борлуулахтай адилхан. Өөрөөр хэлбэл сонгогчдын ой ухаанд ямар нэгэн үгийг эзэмшиж чадсанаар сонгуульд ялж чадна.

Тэгвэл 2000 онд George Bush ямар үгийг эзэмшиж байв?

George Bush – Compassionate conservative

Харин өрсөлдөгч Al Gore ямар үгийг эзэмшиж байв?

Al Gore - ??? Үнэндээ Al Gore ямар ч үгийг эзэмшээгүй байсан.

Түүхийг сөхөх юм бол хүчирхэг, тохиромжтой үгийг сонгогчдын ой ухаанд эзэмшиж чадсан нэр дэвшигчид амжилтад хүрч ерөнхийлөгч болж байсан байна. АНУ-ын урьдны ерөнхийлөгчдийн эзэмшиж байсан үгийг харцгаая.

Bill Clinton – It’s the economy, stupid

Ronald Reygan – Supply side economics

Эцэг George Bush – No new taxes

Харин буруу, зохисгүй үгийг хэрэглэгчийн ой ухаанд эзэмших гэж оролдвол хэрхэн бүтэлгүйтэж болохыг доорх жишээнүүд харуулна.

Walter Mondale – I’ll raise taxes

Barry Goldwater – Extremist

Харин өнгөрсөн 2008 оны АНУ-ын сонгуулиар хэн ямар үг эзэмшиж байсныг эргэн санацгаая.

Hillary Clinton – Experience

Barack Obama – CHANGE we can believe in

Мэдээж Barrack Obama-ийн эзэмшиж байсан үг тохиромжтой байсан. Бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Бид өөрчлөх цаг ирлээ” хэмээн шуугицгааж байв. Энэ үед Hillary Clinton өрсөлдөгчөөсөө давж гарахаар шинэ үгийг эзэмшиж эхэлсэн байна. Тэр үг нь:

Hillary Clinton – Countdown to CHANGE

Гэвч хэтэрхий оройтсон байлаа. Hillary Clinton өрсөлдөгчийнхөө аль хэдийн эзэмшсэн үгийг өөрийн болгох гэж оролдсон нь алдаа байв. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч хэн болсныг, хэн нь оновчтой үг сонгогчдын ой ухаанд эзэмшсэнийг та бид мэдэх билээ.

Ц.Элбэгдорж – ӨӨРЧЛӨХ ҮҮ

Н.Энхбаяр – Эх орны хишгийг өгүүлнэ

Өнгөрсөн 5.24-ны өдөр болж өнгөрсөн МУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр хүн бүрийн ярианы гол сэдэв болж байна. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааныхаа турш “ӨӨРЧЛӨХ ҮҮ” гэсэн үгийг ашиглаж байсныг бид бүхэн мэднэ. Тэрээр сонгогчидтой хийсэн уулзалт бүртээ, тавьсан илтгэл бүртээ, өгсөн ярилцлага бүртээ “ӨӨРЧЛӨХ” гэсэн сэдэв дээр төвлөрч байлаа. Тэрээр энэ үгээр өөрийн брэндийг бүтээсэн бөгөөд сонгогчдын, нийгмийн ӨӨРЧЛӨХИЙГ ХҮССЭН ГАЛЫГ ӨРДӨЖ ӨГСНӨӨРӨӨ энэ удаагийн сонгуульд ялсан байх магадлалтай.

Харин нэр дэвшигч Н.Энхбаярын эзэмшиж байсан үг нь миний бодлоор тийм ч тохиромжтой үг биш байсан. Мөн нэр дэвшигч Н.Энхбаяр нэг үгэн дээрээ төвлөрч чадаагүй нь ялагдах шалтгаануудынх нь нэг болсон байх магадлалтай.

Миний бие энэхүү бичлэгийг аливаа улс төрийн хүчин, аливаа нэг хүнийг дэмжих зорилгоор бичсэнгүй. Харин маркетингийн өнцгөөс болж өнгөрсөн үйл явдлыг дүгнэн бичлээ.

Ингээд шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нийгмийг сайн тал руу нь ӨӨРЧЛӨХ” л үлдлээ.

Sunday, May 24, 2009

1-2-3 Стратеги


Стратеги бол стратеги. Тактик бол тактик. Стратеги хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй. Харин тактик шинэ санаа, шинэ бодлого, шинэ боломжуудыг хэрэгжүүлэхийн тулд өөрчлөгддөг байх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд компаниуд маркетингийн тулалдаанд ялахын тулд өөрсдийн стратегиа өөрчилж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ бол General Motors юм. Урьд нь General Motors зөв стратегийг баримталж байлаа. Chevrolet хямд үнэтэй, Pontiac залууст зориулсан, Oldsmobile өндөр технологитой, Buick хижээл насныханд зориулсан, Cadillac өндөр үнэтэй автомашин байлаа.

Харин өнөөдөр General Motors-д бүх зүйл буруугаар эргэсэн байна. Хэн ч General Motors-ийн брэндүүд ямар сегментэд чиглэж байгааг мэдэхээ больжээ.

GM-ийн хямд үнэтэй автомашин юу вэ? Saturn уу, Chevrolet уу?

Chevrolet, Pontiac, Buick брэндүүдийн ялгаа нь юу вэ? Саяхнаас эдгээр брэндүүд хоорондоо нэрээрээ л ялгагдахаар адилхан загвартай, адилхан үнэтэй автомашинуудыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Олон нэр төрөлд үйл ажиллагаа явуулдаг компани 1-2-3 гэж нэрлэгддэг техникийг хэрэгжүүлснээр амжилттай ажилладаг.

1. Хямд үнэтэй брэнд

2. Дундаж үнэтэй брэнд

3. Өндөр үнэтэй брэнд

Өнөөдөр АНУ-д хамгийн их автомашиныг борлуулж буй компани бол Toyota. Өнөөдөр Toyota 1-2-3 техникийг дараах байдлаар хэрэгжүүлж байна.

1. Scion

2. Toyota

3. Lexus

Хүчирхэг брэндийг бүтээхийн тулд сегмент бүрт зориулан, тус тусдаа ангид төвлөрсөн брэндүүдийн бүтээх хэрэгтэй. Энэ стратегийг хэрэгжүүлж чадсан брэндүүд зар сурталчилгаанд их хэмжээний мөнгийг зарцуулж, хямд үнээр хэрэглэгчдээ татах шаардлагагүй байдаг.

Toyota хоорондоо ялгарч чадсан брэндүүдийг бүтээснээр өнөөдөр ялалтад хүрээд байна. 2005 онд борлуулсан машин тус бүрт Scion $284, Toyota $422, Lexus $875 зарцуулсан байна. Харин Buick $751, Saturn $1012, Saab $2116 зарцуулжээ.

1-2-3 техникийг ашиглан амжилтад хүрсэн жишээнүүдээс дурьдвал:

Шар айрагний зах зээлд:

1. Busch

2. Budwieser

3. Michelob

Хувцасны зах зээлд:

1. Old navy

2. Gap

3. Banana Republic

Үнэ бол компани ялгарсан брэндүүд бүтээх цорын ганц арга зам биш юм. Та насны ангиллаар брэндүүдээ хооронд нь ялгаруулж чадна.

MTV бол өсвөр насныханд зориулсан суваг, VH1 бол насанд хүрэгчдэд зориулсан суваг юм.

Monday, May 18, 2009

MBA зэрэг брэндэд тань Тус болдог уу? Ус болдог уу?

Юуны өмнө миний бие блогтоо бичлэг оруулалгүй удсанд та бүхнээс хүлцэл өчиж байна. Энэ алдаагаа давталгүйгээр цаашид блогтоо байнга шинэ, сонирхолтой бичлэгүүдийг оруулж байх болно. Ингээд бичлэгээ эхэлье.

Сайн боловсрол амжилтад хүргэдэг үү? Унших, бичих, тооцоолон бодох чадвар амжилт гаргахад чухал нөлөөтэй гэдэг нь маргаангүй билээ. Харин коллежийн диплом, их сургуулийн диплом, Мастерийн зэргийн тухай юу хэлэх вэ?

Та өнөөдөр эдгээргүйгээр Монголын хаа нэгтээ ажилд орж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эдгээр нь таныг ажилд оруулж өгөх итгэмжлэх жуух бичиг юм. Өнөөдөр удирдах албан тушаалд ажилд орохыг хүсэгчид МВА зэрэгтэй байх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна. Гэвч энэ зэрэг ирээдүйн удирдагчдад маань амжилтад хүрэхэд шаардлагатай чадваруудыг өгч чаддаг уу?

1-рт МВА зэрэг бол амжилтад хүрэхэд зайлшгүй шаардлагатай зүйл биш юм. Өнөөдөр амжилтад хүрсэн ихэнх хүмүүс хэзээ ч коллеж төгсөх нь битгий хэл, коллежид суралцаж ч үзээгүй байдаг. Ийм хүмүүсийн тоонд:

-David Ogilvy /Ogilvy & Matter/

-Bill Gates /Microsoft /

-Liz Claiborne /DKNY/

-Henry Ford /Ford Motors/

-Richard Branson /Virgin Atlantic/

-Michel Dell /Dell inc/

-Anita Rodick /Body shop/

-Steve Jobs /Apple/

2-рт МВА зэрэгтнүүд хэтэрхий шинжлэх ухаанч, логик дүн шинжилгээг хийдэг болдог. МВА зэрэгтнүүд ихэвчлэн богино хугацааны үр дүнд гол анхаарлаа хандуулж, урт хугацаанд учирч болох нөлөөллийг хайхардаггүй. Тэд брэндинг гэх мэт урт хугацааны үнэ цэнийг бий болгох ажлуудын үнэ цэнийг дутуу үнэлдэг.

МВА зэргийн сургалт ихэвчлэн бодит амьдрал дээрх брэндингийн бодит үнэнд бэлтгэгдээгүй, зүүн тархиар сэтгэгчдийг бэлтгэдэг. МВА зэрэгтнүүдэд зөн совингоо дагах, задгай сэтгэх чадвар дутагддаг. Өөрөөр хэлбэл тэдэнд маркетингийн мэдрэмж, баруун тархиа ажиллуулах чадвар шаардлагатай. Иймд МВА зэрэгтнүүд баруун тархиа ажиллуулбал сурвал маркетингийн хэлтэстэй нягт уялдаа холбоотой ажиллах боломж бүрдэнэ.

Олонх компаниудад алсын хараа алга байна. Тэд ойд төвлөрөхийн оронд ганц ширхэг модонд анхаарлаа хандуулдаг. Тэд урт хугацаанд анхаарлаа хандуулахын оронд богино хугацаанд анхаарлаа хандуулдаг. Тэд өнөөдөр, ирээдүйд брэндээ сахин хамгаалснаар бий болох боломжийг хайхралгүй өнгөрдөг.

Олонх компаний удирдах зөвлөл МВА зэрэгтэй зүүн тархиар сэтгэгчдээр дүүрсэн байдаг. Эдгээр компаниуд зөв замдаа орохын тулд цөөн ч гэсэн баруун тархиа ажиллуулагсдын үгийг сонсох хэрэгтэй.