Та өнгөрсөн оны турш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бизнесийн ашиг орлого үлэмж хэмжээгээр буурч байгааг, олон тооны бизнес дампуурч байгааг, компаниуд цомхотгол хийж олон зуун хүн ажлаасаа халагдаж байгааг, эдийн засаг бүхэлдээ хэвтрийн байдалд байгааг хангалттай сонсч, магадгүй та өөрийн бие дээрээ заримаас нь мэдэрсэн байх. Энэ бүхний үр дүнд ихэнх компаниуд боломжийнхоо хэрээр зардлаа танаж, аль болох шинэ бизнес эхлүүлэхгүй байх бодлоготойгоор ажилласан. Өрх бүлүүд ч мөн ялгаагүй орон сууц, автомашин гэх мэт үнэтэй бараа барагтай л бол худалдан авахаа больсноос дээрх салбарууд нэлээд хүндхэн байдалд орсон.
Тэгвэл ирэх онд эдийн засаг ямаршуухан байх бол? Ирэх онд компаниуд ямар бодлого баримталж ажиллах вэ?
1. Урьд урьдны дэлхийн эдийн засгийн хямралууд доорх хугацаанд үргэлжилж байжээ.
Хямрал эхэлсэн он | Хямрал дууссан он | Үргэлжилсэн хугацаа |
1980.6 | 1981.6 | 12 сар |
1982.11 | 1983.7 | 8 сар |
1991.3 | 1992.12 | 21 сар |
2001.11 | 2003.7 | 20 сар |
Өөрөөр хэлбэл эдийн засгийн хямралын үргэлжлэх дундаж хугацаа 15 сар байна.
Харин одоогийн хямралыг 2008.9 сард эхэлсэн гэж үздэг.
2. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагаас эхлүүлээд олон тооны эдийн засагч, улс төрч, бизнесмэнүүд санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа тогтворжиж, эдийн засаг сэргэх хандлага мэдрэгдэж эхэллээ хэмээн ярьж байна.
Энэ бүх шинж тэмдгээс дүгнэвэл эдийн засгийн хямрал төгсөх цаг ойртон ирж буй нь тодорхой болж байна.
Түүхэн статистикийг харвал дэлхийн эдийн засаг байнга уналт эсвэл өсөлтийн хооронд оршдог байна. Эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар давах хамгийн зөв арга зам бол хямрал эхэлмэгц зардлаа багасгаж хямралд бэлдэх, харин хямрал дуусах шинж тэмдэг мэдэгдэж эхэлмэгц бизнесийн өсөлтөд бэлдэн хөрөнгө оруулалт хийж эхлэх явдал ажээ.
2010 онд Монгол оронд маань уул уурхай, газар тариалангийн салбарын хөгжлөөс хамааран их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болоод байна. Иймээс бүгдээрээ цаг алдалгүйгээр аль болох хурднаараа бизнесийн өсөлтөд бэлдэж эхэлцгээе. Ирэх онд хийгдэх энэ их хөрөнгө оруулалтын далайгаас аль болох томоор хутгахын тулд одооноос шанагаа бэлдэцгээе. Олонхи эдийн засагчдын үзэж буйгаар 2010 он бол Бизнесийн өсөлтийн жил байх болно.