Saturday, May 19, 2018

Thinking

Сүүлд бичсэн нийтлэлээс минь хойш 7 жил өнгөрсөн гэж бодохоор хорвоо дэлхий та бидэнд амьдрах дэндүү жаахан хугацаа заяажээ. Орчин цагийн маркетинг нэртэй уг блогийг маань анх Түмэннаст найз маань санаачлан үүсгэж байсан юм.
Дөнгөж их сургуулиа төгсөөд амьдралын алтан босго болох ажил амьдралын гараагаа эхэлсэн 20 гаран настай сайхан залуучууд хувийн амбицтаа хөтлөгдөн их л зүйлийг төсөөлөн төлөвлөж байж дээ. Оюутны ширээнээс дөнгөж босоод албан байгууллагуудын хаалга татан явсан үе минь өчигдөр мэт санагдах нь өнгөрсөн үеэсээ үргэлж суралцаж байдаг миний санаанд одоо ч уяатай.
Тухайн үед блог гэдэг зүйлээр дамжуулан нийгэмд өөрийн дуу хоолойг илгээж олонд танигдан түүгээрээ бизнесийн боломжийг олж авах зорилготой байж билээ. Мэддэггүй ч мэддэг мэддэг мэтээр бичиж, ойлгоогүй оролдоогүй зүйлээ эзэмшсэн мэтээр ярьцгаадаг байжээ.
Хүний амьдрал эцэс хүртлээ ухаан сууж суралцаж байдаг гэдэг үнэн бололтой.
Ухаантай хүний хэлсэн үгийг одоо бодно.
Хүн гэдэг зүйл үхэн үхтлээ суралцдаг гэж. Энэ бол үнэн юм байна. Суралцахын хэмжээгээр өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгээ ухаардаг гэж. Агуу үнэн хэлсэн байгаа юм. Энэхүү үгийг хэлсэн хүн яг бидний одоо мэдэрч байгаа энэхүү мэдрэмжийг мэдэрч байсан юм биш байгаа гэж өөрийгөө дөвийлгөх.

Суралцсаар л явна.

Анх сургуулиа 2008 оны өвөл төгсөөд 2009 онд Баклаврын дипломоо өвөртөлж билээ. Дипломны ажлаа банктай холбоотой сэдвээр гүйтгэж бас ч үгүй чамлахааргүй үнэлгээ шалгагч багш нараас өвөртөлж чадсан юм.
Төгсмөгцөө л мундаг маркетер болчихсон мэтээр өөрийгөө төсөөлж хамраа тэнгэрийн хаяанд наачихаад хавь ойрын хүмүүстэй мэдлэг чадвараа хуваалцана гэж ханцуй шамлан ажлын зар ширтэж билээ. Бас ч үгүй болоогүй завсар зайгаар нь энэхүү буландаа цэцэрхсэн хэдэн үгтэй сонирхогчийн гэхэд чамлагдахаар ганц нэг нийтлэл шургуулж амжина.

Ажил хайсаар л... Тухайн үед Жи Мобайл компани үүрэн телефоны зах зээлд отгон өрсөлдөгчийн зовлонг эдлэхээр ажиллах хүчийг бүрдүүлж байлаа. Монголын ажиллах хүчний зах зээлээс дөнгөж төгссөн оюутнуудыг маркетингийн багтаа элсүүлж байсан бахархмаар компани шүү.

Ангийн хэдэн залуус маань тэдний сонгон шалгаруулалтанд тэнцэж ажил амьдралынхаа гарааг эхлэх нь тэр. Би ч бас тэрхүү сонгон шалгаруулалтанд ороод амжсан юм.

Одоо нэрийг нь санахгүй байгаа ч тухайн үед Радиогийн хөтлөгч байсан бас ч үгүй Жи Мобайлын маркетингийн албаны дарга болоод амжсан байсан залуу, тухайн үеийн Жи Мобайл компаний хүний нөөцийн хэлтсийн дарга албан тушаалыг хашиж байсан 2 эрхэм намайг Жи Мобайл гэгч шинэхэн компанид тэнцэхгүй гэж дүгнэлт гаргаснаар би гэгч хүн Монгол улсын ажилгүйчүүдийн эгнээндээ алхсан хэвээр үлдсэн юм.

Ажил хайсаар л. Их сургуулийн ангийн анд Алдархишиг гэх залуутай хөтлөлцөн нийслэл хотынхоо төв, зах ер нь л хаа таарсан газраа анкетаа өгнө. Утсаа чагнан өдөржин хүлээнэ.

Яг одоо санаж байгаагаар бид 2 Шунхлай, АПУ, Ньютел, Скайтел, Петровис гээд тухайн үеийн одоо ч дажгүй томоохон гэж дурдаж болмоор бүхий л газруудад CV-ээ өгч байсан ч энэ 20-30 компаниудаас "уучлаарай та тэнцэхгүй байна аа" ч гэж хариу ирүүлсэнгүй ээ.

2009 оны Хавар ажил хайсаар явж байгаад Скай Трэйдинг компани бидний мэдэхээр Скай Их дэлгүүрээс "Та тэдний тэдэн цагаас ирж ярилцлаганд орно уу" гэсэн хариу хүлээн авч ярилцлаганд оров.

Хүнсний хэлтсийн даргийн албан тушаалыг хашиж байсан Машбат гэгч эрхэм ярилцлага авч билээ. Бас ч үгүй Англи хэлээр зарим нэг хэсэгт нь ярилцлагаа үргэлжлүүлэх бөгөөд тухайн хэлийг үзэж байсан ч ашиглаж байсан туршлагагүй мань мэтэд их л хүнд тусч билээ.

Маркетингийн хүн гэсэндээ яаж зүгээр байх вэ, ярилцлагынхаа төгсөлд "Just this one time If you give me just one chance, i will hard work for this company" гэж хэдэн үг холбон хэлэхэд Машбат дарга чангаар инээж тэр ярилцлагыг өндөрлөөд намайг хэлтэстээ авах болсноо 2 хоногийн дараа мэдэгдэж билээ. Тэр цагаас хойш Мобиком, Скайтел гэгч компаниудад өөрийн хувь нэмрээ оруулан өдий 2018 оныг угтаад байгаа юм.
Харь холын Австри улсад дахин суралцахаар 2016 онд шийдэж, хөлгийн жолоог чиглүүлснээс хойш 2 жил өнгөрчээ.

Нийтлэлийн уг хэсгийг Австри улсын Вена хотын нэгэн булангаас уншигч таны гарт хүргэж байгааг минь хүлээн авна уу.


Австри Улс, Вена хот, 2018.05.20