Thursday, June 4, 2009

Алтан дундаж буюу уналтад хүргэх хавх

Хүн бүр л хүн амын ихэнх хувийг дундаж орлоготой иргэд эзэлдэг тул дундаж үнэтэй бүтээгдэхүүн хамгийн их борлогддог, харин хямд эсвэл өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд багахан хэмжээгээр борлогддог гэж боддог. Гэвч бодит байдал хүмүүсийн энэхүү ойлголтоос тэс ондоо байдаг. Зах зээлд хямд болон өндөр үнэтэй бүтээгдэхүүнд зориулсан орон зай хангалттай хэмжээтэй байдаг. Харин дундаж үнэтэй бүтээгдэхүүний хувьд эргэлзээтэй. Үүнийг агаарын тээврийн компаниудын жишээн дээр тайлбарлая.

Амжилттай ажиллаж буй хямд үнэтэй агаарын тээврийн компаниуд:

-South West

-Air Asia

-Ryanair

Амжилттай ажиллаж буй өндөр үнэтэй агаарын тээврийн компаниуд:

-Corporate Jet

-Max Jet

-EOS Jet

-Ozjet

Харин дундаж үнэтэй агаарын тээврийн компаниуд хэр амжилттай ажилладаг бол? Доорх компаниуд дундаж үнээр хэрэглэгчиддээ үйлчилдэг:

-American Airlines

-United Airlines

-Delta Airlines

-North West Airlines

-US Air

Эдгээрээс American Airlines-аас бусад бүх агаарын тээврийн компаниуд дампуурлаа зарласан. Харин American Airlines өнгөрсөн 10 жилийн турш $3,8 тэрбумын алдагдалтай ажилласан байна.

Дундаж хэмээх ойлголт зөвхөн үнэ дээр төдийгүй бүтээгдэхүүн дээр ч мөн адил дампуурлыг дагуулдаг.

Өнөөдөр дэлхий даяар хамгийн их борлуулагддаг хийжүүлсэн ундаа бол мэдээж Coca-Cola. Өнөөдөр дэлхий даяар хамгийн их борлуулагддаг калори багатай хийжүүлсэн ундаа бол Diet Coca-Cola. Coca-Cola компанийхан дундаж калори бүхий хийжүүлсэн ундааны зах зээл байгааг олж харан Diet Coca Cola-аас их, энгийн Coca-Cola-аас бага калори бүхий Coca Cola C2 ундааг зах зээлд гаргасан ч энэхүү ундаа нь борлуулалтын хувьд сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.

Кофены зах зээлд ч энэ түүх давтагдсан байна. Хамгийн өндөр борлуулалттай кофе бол Folgers. Хамгийн өндөр борлуулалттай кафейнгүй кофе бол бас Folgers. Folgers саяхан 1/2 кафейны найрлагай бүхий кофе зах зээлд гаргасан ч мөн л амжилтыг эс олжээ.

Marlboro ч мөн адил энгийн Marlboro болон Marlboro light тамхинуудынхаа дундаж хатуулагтай бүтээгдэхүүн болох Marlboro medium тамхийг үйлдвэрлэн худалдаалж буй ч амжилттай бүтээгдэхүүн болж чадаагүй.

Алтан дунджийг харуулж болох сонгодог жишээ бол жижиглэн худалдааны салбар юм. Wallmart, Target дэлгүүрүүд хямд үнэ тогтоосноороо амжилтад хүрч байхад, Nevman Marcus болон Saks Fifth Avenue дэлгүүрүүд өндөр үнэ тогтоосноороо амжилтад хүрч байна. Харин Sears, Macy’s, JC Penny дэлгүүрүүд дундаж үнэ тогтоосноор алдагдал хүлээсээр байна.

Автомашин үйлдвэрлэлийн зах зээл ч мөн ялгаагүй. Hyundai, Kia, Mazda фирмүүд хямд үнэтэй автомашины зах зээлд, Lexus, Mercedes Benz, BMW фирмүүд өндөр үнэтэй автомашины зах зээлд амжилттай ажиллаж байна. Харин GM, Ford, Chrysler фирмүүд алтан дунджийн хавханд орж, засгийн газраасаа дэмжлэг тусламж авч эхлээд байна.

Зах зээлд алтан дунджид эзлэх байр суурь байдаг уу?


Wednesday, June 3, 2009

Брэндийн өргөжилт

Брэндийн өргөжилт яг л хар тамхитай адил. Бид бүхний мэддэгчлэн хар тамхи богино хугацаанд хүнийг баяр баясалтай, сэтгэл хангалуун болгодог ч урт удаан хугацаанд хортой уршгийг дагуулж үхэлд хүргэдэг.
Та анх удаа хар тамхийг хүртэхэд яг л диваажинд очсон юм шиг гайхамшигт мэдрэмжийг амтлах болно. Харин энэ явдал олон дахин давтагдахад таны амьдралыг үгүй хийж байгааг та мэдэх болно.
Брэндийн өргөжилт үүнтэй яг ижил замаар явагддаг. Эхэндээ таньд гайхамшигт мэдрэмжийг төрүүлнэ. Гэвч удалгүй та донтож, хэзээ ч зогсоох аргагүй болно. Эцэст нь таны брэнд зах зээлд эзлэх хувь, мөн чанар, хоногшилтоо алдах болно. Зарим брэндэд энэ үйл явц маш түргэн өрнөдөг, харин заримд нь нэлээд хэдэн жилийн турш өрнөж нэг л мэдэхэд та өөрөө өөрийнхөө байр суурийг үгүйсгэсэн сул дорой брэндтэй болдог.
Яагаад хүмүүс брэндийн өргөжилтийн хор уршгийг хайхардаггүй вэ? Яагаад гэвэл брэндийн өргөжилтийг хэвлэл мэдээллийнхэн магтан дуулдаг. Яг л кинон дээрээс хар тамхи татахыг хараад сайхан юм байна гэж бодогддог шиг. Брэндийн өргөжилтийг компаниуд хийх дуртай байдгийн бас нэг шалтгаан нь богино хугацааны өсөлт, шинэ зах зээлийг эзэлнэ гэсэн бодол юм. Брэндийн өргөжилт нь богино хугацаанд борлуулалтыг огцом өсгөдөг боловч урт хугацаанд зах зээлд эзлэх хувийг тань улам багасгадаг.
Хамгийн ойрын жишээ бол хоол хүнс үйлдвэрлэгчид юм. Эдгээр корпорациудын дотоод шагнал урамшууллын систем нь брэндийн өргөжилтийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн байдаг. Том компаниуд брэндээ зах зээлд гаргаснаас хойш ойролцоогоор 16 сарын дараа өргөжилтөө хийж эхэлдэг байна. Яагаад гэвэл тэд шинэ брэндийг зах зээлд гаргахын оронд хуучин, олонд танигдсан нэрээ ашиглан брэндийн өргөжилт хийх нь илүү хялбар, илүү зардал багатай гэж боддог. Гэвч бодит байдал үүнээс тэс ондоо байдаг.
Өнөөдөр алдартай брэндүүд жижиг компаниудаар бүтээгдэн, харин том компаниуд түүнийг нь худалдан авч байна. Та гэрийнхээ ойролцоо байдаг супермаркетаар шагайгаад үзээрэй. Бараг бүх өргөн хэрэглээний бараанууд эмх замбараагүй брэндийн өргөжилт хийснийг олж мэдэх болно. Брэнд бүр толгой эргэмээр олон сонголт, олон амттай болсон байна.
Боргио пиво хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд Боргио gold /герман шар айрганд дурлагсдыг татахын тулд/, Боргио ligth /зөөлөн шар айраг уудаг эмэгтэйчүүдийг татахын тулд/ нэрээр брэндийн өргөжилтийг хийснийг санаж байгаа байх. Гэвч өнөөдөр эмэгтэйчүүд Cass, Hite-аа, орлого өндөртэй хэрэглэгчид Carlsberg, Heineken-аа хэрэглэсээр л байна. Харин Боргио light, Боргио gold-ийг Боргиогийн хэрэглэгчид л хэрэглэж байна.