Thursday, June 4, 2009

Алтан дундаж буюу уналтад хүргэх хавх

Хүн бүр л хүн амын ихэнх хувийг дундаж орлоготой иргэд эзэлдэг тул дундаж үнэтэй бүтээгдэхүүн хамгийн их борлогддог, харин хямд эсвэл өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд багахан хэмжээгээр борлогддог гэж боддог. Гэвч бодит байдал хүмүүсийн энэхүү ойлголтоос тэс ондоо байдаг. Зах зээлд хямд болон өндөр үнэтэй бүтээгдэхүүнд зориулсан орон зай хангалттай хэмжээтэй байдаг. Харин дундаж үнэтэй бүтээгдэхүүний хувьд эргэлзээтэй. Үүнийг агаарын тээврийн компаниудын жишээн дээр тайлбарлая.

Амжилттай ажиллаж буй хямд үнэтэй агаарын тээврийн компаниуд:

-South West

-Air Asia

-Ryanair

Амжилттай ажиллаж буй өндөр үнэтэй агаарын тээврийн компаниуд:

-Corporate Jet

-Max Jet

-EOS Jet

-Ozjet

Харин дундаж үнэтэй агаарын тээврийн компаниуд хэр амжилттай ажилладаг бол? Доорх компаниуд дундаж үнээр хэрэглэгчиддээ үйлчилдэг:

-American Airlines

-United Airlines

-Delta Airlines

-North West Airlines

-US Air

Эдгээрээс American Airlines-аас бусад бүх агаарын тээврийн компаниуд дампуурлаа зарласан. Харин American Airlines өнгөрсөн 10 жилийн турш $3,8 тэрбумын алдагдалтай ажилласан байна.

Дундаж хэмээх ойлголт зөвхөн үнэ дээр төдийгүй бүтээгдэхүүн дээр ч мөн адил дампуурлыг дагуулдаг.

Өнөөдөр дэлхий даяар хамгийн их борлуулагддаг хийжүүлсэн ундаа бол мэдээж Coca-Cola. Өнөөдөр дэлхий даяар хамгийн их борлуулагддаг калори багатай хийжүүлсэн ундаа бол Diet Coca-Cola. Coca-Cola компанийхан дундаж калори бүхий хийжүүлсэн ундааны зах зээл байгааг олж харан Diet Coca Cola-аас их, энгийн Coca-Cola-аас бага калори бүхий Coca Cola C2 ундааг зах зээлд гаргасан ч энэхүү ундаа нь борлуулалтын хувьд сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.

Кофены зах зээлд ч энэ түүх давтагдсан байна. Хамгийн өндөр борлуулалттай кофе бол Folgers. Хамгийн өндөр борлуулалттай кафейнгүй кофе бол бас Folgers. Folgers саяхан 1/2 кафейны найрлагай бүхий кофе зах зээлд гаргасан ч мөн л амжилтыг эс олжээ.

Marlboro ч мөн адил энгийн Marlboro болон Marlboro light тамхинуудынхаа дундаж хатуулагтай бүтээгдэхүүн болох Marlboro medium тамхийг үйлдвэрлэн худалдаалж буй ч амжилттай бүтээгдэхүүн болж чадаагүй.

Алтан дунджийг харуулж болох сонгодог жишээ бол жижиглэн худалдааны салбар юм. Wallmart, Target дэлгүүрүүд хямд үнэ тогтоосноороо амжилтад хүрч байхад, Nevman Marcus болон Saks Fifth Avenue дэлгүүрүүд өндөр үнэ тогтоосноороо амжилтад хүрч байна. Харин Sears, Macy’s, JC Penny дэлгүүрүүд дундаж үнэ тогтоосноор алдагдал хүлээсээр байна.

Автомашин үйлдвэрлэлийн зах зээл ч мөн ялгаагүй. Hyundai, Kia, Mazda фирмүүд хямд үнэтэй автомашины зах зээлд, Lexus, Mercedes Benz, BMW фирмүүд өндөр үнэтэй автомашины зах зээлд амжилттай ажиллаж байна. Харин GM, Ford, Chrysler фирмүүд алтан дунджийн хавханд орж, засгийн газраасаа дэмжлэг тусламж авч эхлээд байна.

Зах зээлд алтан дунджид эзлэх байр суурь байдаг уу?


2 comments:

  1. Sonin bichleg baina. Odoo hamgiin ehleed hyamrald nervegdsen uls hamgiin yaduu, hamgiin bayar davhargiinhan gej yariad baidag, dundach unetei buteegdehuuniig dundach saaral humuus l avdag baih daa. Odoo humuus ontslog sodon, busdaas yalgarah gej hicheedeg bolson ued iim yum guihgui baih aa.

    Saihan naadaarai.

    ReplyDelete
  2. Niit bloggeruuddaa naadmiin mend hurgey!

    ReplyDelete