Яг энэ цаг мөчид бүгд л оны эцэс гээд өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэж, ирэх онд хэрхэн ажиллахаа төлөвлөж байгаа байх. Миний бие ч гэсэн өөрийн үзэл бодлоо эрхэм уншигч та бүхэнтэй хуваалцах үүднээс энэхүү бичлэгийг оруулж байна.
Хэдхэн жилийн өмнө Dell болон түүний гол өрсөлдөгч HP компаниуд компьютер үйлдвэрлэлийн салбарыг өрсөлдөгчгүйгээр тэргүүлж байлаа. Яг энэ үед буюу 90-ээд оны үед Тайваны Acer хэмээх жижигхэн компани АНУ-ын зах зээлд нэвтрэн орж ирсэн ч олон жилийн туршид төдийлөн амжилттай ажиллаж чадахгүй байсаар ирсэн. Саяхныг хүртэл буюу 2003 онд Acer дэлхий дахинд компьютерийн борлуулалтаараа дөнгөж 7-р байранд жагсаж байжээ. Гэвч 2009.01.14-нд компьютерийн зах зээлийг донсолгосон үйл явдал боллоо. IDC-ийн мэдээлснээр HP компьютерийн зах зээлд 19.6% эзэлж тэргүүн байрандаа бичигдсээр байв. Dell компани ч мөн адил 13.7% эзэлж компьютерийн зах зээлийн хоёрдогч том тоглогч гэдгээ нотолжээ. Харин өнөөх Тайваны жижиг компани болох Acer компани Dell-ээс дөнгөж 1.9%-аар доогуур буюу 11.8% эзэлж гуравдугаарт жагсав. Гайхалтай нь Dell борлуулалтынхаа 6.3%-ыг алдсан байхад Acer эсрэгээрээ 25.3%-ийн өсөлтийг үзүүлсэн байна.
Гайхамшигт түүх үүгээр дууссангүй. Acer оны эхний амжилтаа үргэлжлүүлэн бататгаж 2009 оны 3-р улиралд томоохон өрсөлдөгч болох Dell-ийг гүйцэж түрүүлсэн байна. IDC-ийн мэдээлснээр Dell зах зээлд эзлэх хувиа үргэлжлүүлэн алдаж /7,3%-ын уналт/ 3-р улирлын байдлаар компьютерийн зах зээлийн 12.7%-ыг эзэлжээ. Харин Acer-ийн хувьд гайхамшиг үргэлжилсээр. Тэд компьютерийн зах зээлд түүхэндээ анх удаа 2-р байрт орж, зах зээлийн 14%-ыг эзэлсэн байна. /18,6% өсөлт/
Чухам ямар хүчин зүйл Тайваны жижиг компанийг дэлхийд 2-рт орох хүртэл нь өөрчлөв?
Хүчин зүйл 1: 2007.8 сард Gateway, удаахан нь Packard Bell компаниудыг худалдан авсан нь Acer-ийг АНУ болон Европын зах зээлд байр сууриа баталгаажуулах боломжийг олгосон. Тухайн үед Gateway AНУ-ын зах зээлд 3-рт орж байсан бол Packard Bell европын зах зээлд өргөн дэлгэрсэн брэндүүд байлаа.
Хүчин зүйл 2: Компьютерийн зах зээлийн цоо шинэ, моодонд орж буй сегмент болох netbook-ны зах зээлд төвлөрөн ажиллаж тэргүүлэгч нь болж чадсан. Dell HP зэрэг томоохон өрсөлдөгчдөөсөө түрүүлж энэхүү зах зээлд нэвтрэн, зөв стратеги баримтлан ажилласнаар зах зээлд тэргүүлж чадсан.
Хүчин зүйл 3: Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэнтэй холбогдуулан хямд үнийн бодлогыг баримтлан ажилласан. Эдийн засгийн хямралын үед хувь хүмүүс, бизнесийн байгууллагын аль алин нь зардлаа хэмнэхийг хүсч, хаана хямд үнэтэй бараа байгааг хайж эхэлсэн. Яг энэ үед Acer хямд үнийн бодлогыг баримтлан ажиллаж, эдийн засгийн хямралыг боломж болгон ашиглаж чадсан байна. Бусад салбаруудын хувьд ч өнгөрсөн онд өртгөөр давамгайлах стратегийг баримтлан ажилласан компаниуд зах зээлд эзлэх хувиа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсан.
Dell компаний ялгарах стратеги баримтлан зах зээлээ алдсан, Acer компаний өртгөөр давамгайлах стратеги өрсөлдөгчөө гүйцэж түрүүлсэн энэ бүх баримт мэдээллээс үндэслэн “Эдийн засгийн хямралын үед баримталж ажиллах цорын ганц стратеги бол өртгөөр давамгайлах явдал юм” гэсэн дүгнэлтэд хүрч болох уу? Бүгдээрээ яаравчлан дүгнэлт хийхээ түр азнаж компьютер үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн байр суурийг нэгэнт эзэлж чадсан бас нэгэн компаний өнгөрөгч онд хэрхэн ажилласныг сонирхоцгооё.
Өнөөдөр дэлхийн компьютер үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж буй топ 5 компанийг дурьдвал:
HP – 20.2%
Acer – 14%
Dell – 12.7%
Lenovo – 8.9%
Toshiba – 5.2%
Магадгүй та бүхэн Apple компанийг топ 5-д багтаагүйд гайхаж байгаа байх. Тиймээ таны зөв Apple бол алдартай компани, гэсэн хэдий ч зах зээлд төдийлэн их хувийг эзэлдэггүй. Гэхдээ маркетингийн болоод бизнесийн хамгийн гол зорилго бол зах зээлд эзлэх хувийг бус харин ашгийн түвшнийг хамгийн өндөр байлгах явдал билээ. Өнгөрсөн онд Apple болон Acer компаниуд санхүүгийн хувьд хэр ажилласныг харцгаая:
Acer
Орлогын өсөлт – 42,7%
Ашиг - $210.2 сая
Apple
Орлогын өсөлт – 54,7%
Ашиг - $752 сая
Apple компани Acer-тэй харьцуулахад зах зээлд хамаагүй бага хувийг эзэлдэг хэдий ч өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 12%-аар илүү нэмэгдүүлж, 3.6 дахин их ашгийг олж чадсан байна.
Apple бол ялгарах стратегийг баримталдаг компани. Магадгүй та Dell, Apple хоёулаа ялгарах стратегийг баримталдаг компаниуд шүү дээ хэмээн бодож байж болох юм. Dell бол ялгарах стратегийг баримталдаг компани. Харин Apple бол ялгарах стратегийг жинхэнэ утгаар нь баримталдаг компани. Dell бол компьютер үйлдвэрлэдэг компани. Харин Apple бол брэнд үйлдвэрлэдэг компани. Apple олон жилийн турш брэндингийн үйл ажиллагааг маш сайн хийж, хэрэглэгчдэд үнэ цэнэ үүсгэж чадахуйц ялгарлыг бий болгосноороо Dell-ээс ялгаатай. Хүмүүс Dell-ийн компьютерийг хэрэгцээгээ хангахын тулд худалдан авдаг. Харин Apple-ийн компьютерийг өөрийгөө илэрхийлэх, бусдаас өөрийгөө ялгаруулахын тулд худалдан авдаг. Хэтрүүлж хэлбэл маркетингийн алдарт стратегич Al Ries-ийн хэлдгээр хүмүүс Apple-ийг худалдан авах бус, харин Apple хэрэглэгчдээр өөрсдөөр нь худалдан авагддаг.
Тиймээ эдийн засгийн өсөлт, уруудалтын аль алинд нь хамгийн их үр ашгийг өгөх маркетингийн стратеги бол яахын аргагүй ялгарал мөн. Гэхдээ та энэхүү стратегийг баримтлахаар шийдсэн бол жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж Dell-ийн алдааг давталгүйгээр Apple-ийн ололтыг өөрийн компанидаа нэвтрүүлээрэй.
Гоё мэдээ байна.
ReplyDeleteZaraa ahad bayarlajiinee.
ReplyDelete