Monday, August 24, 2009

Латерал сэтгэлгээ буюу маркетингийн сэтгэлгээний шинэчлэл


Маркетер хэмээх энэхүү англи үгийг монгол хэл дээр зах зээл судлаач хэмээн орчуулдаг. Энэхүү үгний утга учрыг ухаж ойлгох юм бол маркетинг хийхийн гол суурь үндэс бол зах зээлээ сайтар танин мэдэж судалсны үндсэн дээр зөв зах зээлд нэвтрэн орох, зөв шийдвэр гаргах үйл явц хэмээн ойлгож болох юм. Маркетеруудын хамгийн гарамгай хийх ёстой энэхүү үйл ажиллагааны талаар сүүлийн жилүүдэд нэлээд олон нийтлэл, ном зохиол бичигдэж байгааг бид бүхэн сайн мэдэх билээ. Энэ бүхний эцэст зарим маркетингийн гуру нарын үзэж байгаагаар алхам тутамдаа бусдаас шинэлэг, өөр, үр дүнтэй байдлаар сэтгэх нь сайн маркетинг хийхийн эхлэл юм хэмээн томёолсон байдаг. Ийм байдлаар сэтгэж чадсан компаниуд амжилтад хүрдгийг олон жишээ нотолдог. Энэ удаад монголын эрдэмтэн багш нарын үзэл бодлыг хүргэж байна. Харин дараагийн удаад гадаадын маркетингийн гуру нарын бичсэн нийтлэлүүдээс хүргэх болно.

Хэдийгээр энэ нийтлэл 8 жилийн өмнө бичигдсэн боловч гол утга өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдалд анхаарч үзмээр санаануудыг илэрхийлсэн байна. Өдрийн сонины 2001 оны №97, 98 дугаарт нийтлэгдсэн Хан-Уул дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэл багшийн Латерал сэтгэлгээ хэмээх өгүүллийн хэсгээс хүргэе.

Латерал гэдэг нь өргөн, хажуугийн, хөндлөнгийн хэмээх утга илэрхийлдэг латин үг. Энэ үгийг энд “гүйцээх буюу бусад боломжийг шавхах” гэдэг утгаар сэтгэхүйтэй холбон ашиглалаа. Хүний бүтээлч чадвар, зөн билгийг хөгжүүлэх зорилгоор мэдээллийг боловсруулах оюуны үйл явцыг латерал сэтгэхүй гэдэг. Оксфордын толь бичигт “Асуудлыг шийдвэрлэхдээ ухаан бодлоо элдэв хүрээ хязгаарт оруулж боомилохгүйгээр чөлөөтэй болгож, ер бусаар төвлөрүүлэн, бодит байдлаас ургуулан сэтгэх аргыг латерал сэтгэлгээ гэнэ” хэмээжээ.

Латерал сэтгэлгээ нь нүүдэлчний ахуйгаас нэлээд хол бөгөөд үүний учир шалтгааныг монголчуудын иргэншил, соёлжилтын төвшин, сэтгэлгээний хоцрогдлоос эрвэл зохилтой.

Энэ дүгнэлтийг би монгол хүний сэтгэх арга, технологийг олон жил ажигласны үндсэн дээр хийсэн юм. Латерал сэтгэхийн утга учир нь оюун ухаанаа уралдуулахад оршино. Гэхдээ вертикал сэтгэлгээ шиг нэг чиглэлээр биш, олон чиглэлээр уралдуулж шинэ санаа оноог хайна. Латерал сэтгэлгээ нь вертикалаасаа илүү өргөн юм. Гадаадын жуулчид монголоос буцахдаа “Танай хөх тэнгэрийн оронд сайхан амарлаа, зочломтгой та нартаа боломж гарвал дахин ирнээ л” гэдэг. Тэгээд дахин ирэх нь ховордоод байдаг. Тэд латерал сэтгээд ярьчихдаг, бид шууд утгаар нь ойлгочихоод “гадаадынхан хулдаг хэлдэг, дахиж ирнэ гээд зугтчихдаг, орлого унагалаа” гэж тэдэн рүү асдаг. Жуулчин “боломж гарвал” гэдэг хоёр үгээрээ ирэх, эс ирэх хувилбараа шавхаж илэрхийлсэн, боломж гарвал л ирнэ гэснээс яг таг гарцаагүй ирнэ, онгоц чинь онхолддог байлаа ч заавал ирнэ гээгүй шүү дээ.

Латерал сэтгэлгээний бүтээлч чанарыг энгийн жишээгээр тайлбарлая. Доржийнх автобусны буудал дээр ТҮЦ нээж, үе үе махтай хоол иддэг болов. Би тэгэхээр нь Доржийн ТҮЦ-ийн дэргэд бас нэг ТҮЦ нээв. Миний араас Гомбо, Гочоо, Цэдэв, Янжин гээд эцэст нь автобусны буудал ТҮЦ-ээр дүүрч, ТҮЦ-ийн өрсөлдөөнд автан ашиг хуваагдаж алдагдалд орсон. Ингээд анхны байдалдаа буцаж оров. Энд бүтээлч чанар үгүйлэгдэж байна. Үүнийг ТҮЦ-ийн сэтгэлгээ гэе. Харин манайх Доржийн ТҮЦ-ийг үйл ажиллагаагаараа дэмждэг, жишээ нь талхны цех, үсчин, гоо сайхан, эсвэл тээврийн үйлчилгээ эрхэлбэл Доржид ч манайд ч ашигтай. Энэ нь латерал-бүтээлч сэтгэлгээ юм. Үйл ажиллагаа эрхлэх өөр бусад олон арга, хувилбар, боломж байхад бид заавал Доржийгоо хохироож, өөрсдөө давхар хохирох ямар хэрэг байна вэ? Хувийн дээд сургуулийн тоо 100 хол даваад байна. Энэ чинь ТҮЦ-ийн сэтгэлгээ биш биз.

Бид латерал сэтгэлгээнд суралцчихвал нэг нь нэгийгээ татан унагаж санаа амрах бус, бие биенээ дэмжиж, хамтрах боломж нээгдэнэ. Иймээс “өөрчлөлт шинэчлэлтийн эх нь сэтгэлгээний шинэчлэлд оршино” гэж дүгнэж байгаа хэрэг.

1 comment: