Sunday, November 1, 2009

Дэлхийд тавтай морил ноён Guy Laliberte!


Урьд цагт циркийн энгийн нэгэн жүжигчин байсан Guy Laliberte өнөөдөр Канадын хамгийн том соёл экспортлогч, Cirque du Soleil циркийн CEO болж чадсан байна. Одоо бүгдээрээ түүний амжилтын нууцаар цөөн хором алъя. Дэлхийн 90 гаруй хотод үйл ажиллагаагаа явуулдаг олон мянган өрсөлдөгчдөөсөө айж эмээлгүйгээр 1984 онд сайн дурын гэж хэлж болох цөөн тооны гудамжны үзүүлбэр үзүүлэгчид Cirque du Soleil-ыг үүсгэн байгуулжээ. Гэвч хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь өрсөлдөгч болно гэж төөсөөлөөгүй ч явсан Ringling Bros, Barnum & Bailey зэрэг циркийн салбарын аваргуудын 100 гаруй жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд олох болсон орлогын түвшинд 20 хүрэхгүй жилийн дотор хүрч чаджээ.

Харин өнөөдрийг хүртэлх хугацаанд циркийн салбарын хувь заяа тийм ч гэрэл гэгээтэй байсангүй. Өдөр ирэх тутам асар хурдтайгаар хөгжиж буй технологийн дэвшлийн ачаар циркийн салбар асар хурдацтайгаар үзэгчдээ алдаж, ашиг орлого нь буурсаар байна. Өнөөдөр циркийн зорилтот хэрэглэгчид болох бага насны хүүхдүүд циркэд очиж цагаа зугаатай өнгөрөөхийн оронд, гэртээ үлдэж Playstation-ы өмнө бүтэн өдөржингөө тоглохыг илүүд үзсээр байна. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр амьтны эрхийг хамгаалагчид хүртэл циркийн үзүүлбэрт зэрлэг ан амьтдыг ашиглахыг тууштай эсэргүүцсээр байна. Ийнхүү салбарын өсөлт нь улам бүр буурсаар байгаа циркийн салбарт Cirque du Soleil хэрхэн цор ганцаар огцом өсөлттэйгээр ажиллаж чадав?

Тухайн үед Ringling Bros, Barnum & Bailey зэрэг аварга циркүүд салбарын стандартыг тогтоон, өрсөлдөгч болох жижиг циркүүд тэдний хөтөлбөрийг нэгд нэгэнгүй хуулбарлаж муухан хувилбарыг нь хямд үнээр үзэгчдэд санал болгодог байв. Өөрөөр хэлбэл өрсөлдөөнд тулгуурласан маркетингийн стратегиар бол циркийн салбар хэний ч анхаарлыг татахааргүй болсон байлаа. Харин Cirque du Soleil аль хэдийн ширгэж эхлээд байсан бага насны хүүхдүүдийн зах зээл рүү орж бусад өрсөлдөгчдийнхөө нэгэн адил Ringling Bros, Barnum & Bailey зэрэг аварга циркүүдтэй өрсөлдөхийг урьтал болгосонгүй. Харин тэд циркийн салбарт цоо шинэ зах зээл болох насанд хүрэгчид болон байгууллагын хэрэглэгчид рүү гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн. Cirque du Soleil ч маш хурдан амжилтад хүрчээ. Учир нь тэд өрсөлдөөнд ялах цорын ганц арга зам бол өрсөлдөхөө зогсоох явдал гэдгийг бусдаас түрүүлж ухаарсан. Өрсөлдөөнд тулгуурласан маркетингаар мэргэшсэн менежрүүдийн хувьд өрсөлдөхөө зогсоон, танигдаагүй шинэ зах зээлд, шинэ бизнест орох нь өндөр эрсдэлтэй мэт санагддаг. Гэвч өнөөдөр амжилтад хүрсэн томоохон брэндүүдийн ихэнхийнх нь нууц бол тухайн зах зээлдээ анхдагчаар нэвтэрч үйл ажиллагаа эхлүүлсэнд оршдог. Cirque du Soleil-ыг анхлан гарч ирж байх үед бусад өрсөлдөгчид нь benchmarking-д төвлөрч өрсөлдөгчдийнхөөсөө ялгаагүй шахам үзүүлбэр үзүүлж, аль хэдийн буурч эхэлсэн зах зээлд өөрийн эзлэх хувиа ихэсгэхийг чармайсаар байжээ. Бүхий л циркүүд илүү алдартай циркийн одууд, ан амьтдыг хөлслөн, хэд хэдэн тайзан дээр зэрэг үзүүлбэр үзүүлж байв. Гэвч энэхүү стратегиар ажилласны үр дүнд циркийн зардал улам их өсч байсан ч эрэлт нь тогтмол буурсаар байжээ. Харин Cirque du Soleil эдгээр өндөр зардал бүхий үзүүлбэрүүдийг хасч, театраас санаа авч үзүүлбэрүүдээ өөр хоорондоо холбоо хамаарал бүхий сэдэвтэй, хөгжим болон бүжиг бүхий илүү жүжиглэлттэй болгож өөрчилсөн. Мөн циркийн дотоод орчин, гэрэлтүүлгийг яг л театрынх шиг дээд зэрэглэлийн болгож тохижуулсан. Өөрөөр хэлбэл Cirque du Soleil өөртөө цирк болон театрын хүмүүсийг татагч хүчин зүйлсийг шингээж, өртөг өндөртэй хэрэггүй зүйлсийг хассан. Үүний үр дүнд Cirque du Soleil цирк болон театрыг хослуулсан цоо шинэ хэлбэрийн амьд үзүүлбэрийг бий болгож чадсан. Энэ нь Cirque du Soleil-ыг бусад өрсөлдөгчдөөс нь эрс ялгаруулж байснаас гадна зардлыг ч нэлээд хэмжээгээр бууруулсан байна. Өрсөлдөөнд тулгуурласан маркетингэд компаниуд доорх 2 стратегийн аль нэгэнд төвлөрдөг. Үүнд:

1. Differentiation

2. Low cost

Өнөөдрийн байдлаар ялгаралд төвлөрч буй брэндүүд хэрэглэгчдэд өндөр үнийг санал болгож, хямд үнэд төвлөрч буй брэндүүд хэрэглэгчдэд бусдаас ялгарах үнэ цэнэгүй бүтээгдэхүүнийг санал болгож байна. Харин Cirque du Soleil энэхүү 2 стратегид аль алинд нь нэгэн зэрэг хүрч хэрэглэгчдэд театрын билетийн үнээр цоо шинэ зугаа цэнгэлийн хэлбэрийг санал болгож байна.

Дашрамд дурьдахад энэ гайхамшигтай бизнесийг сэдсэн ноён Guy Laliberte өнгөрсөн 7 хоногт сансрын анхны жуулчдын тоонд багтаж, дэлхийг тойроод иржээ. Цирк хэмээх энэ агуу том салбарыг уналтаас аварсан хүн сансарт нисэхгүй бол өөр хэн нисэх билээ. Эх дэлхийдээ тавтай морил ноён Guy Laliberte!

5 comments:

  1. mysterious ehlel, nice urnul, amazing tugsgul hiijee hugshuun...

    ReplyDelete
  2. танай блог сайн блог шүү. Би мэргэжлийн хүн биш ч гэсэн унших дуртай байдаг. Илүү сайныг бичиж байгаарай залуусаа, Амжилт...

    ReplyDelete
  3. Anonymous-d:
    Manai blogoor bainga zochildogt bayarlaj bnoo
    Swallow-t:
    Chamaig nairuulan bichih, dun shinjilgee hiih chadvaraaraa henees ch iluu gej boddog shuu hugshuun. Keep moving forward!

    ReplyDelete
  4. Сайн уу? залуусаа. танай блогт латериал маркетингийн талаар бичсэн байна. Та нар латериал маркетингийн талаар хэр сайн мэдэх вэ? үүнийг сонирходог уу? латериал маркетингийн талаар гүнзгий түвшний мэдээлэл тавьж өгч туслаач.

    ReplyDelete
  5. Lateral marketingiin talaar Edward De Bono, Philip Kotler nariin hamtran bichsen Lateral marketing gej nom bdag. Mongol hel deer bas orchuulagdaj garsan bgaa. Ter nomiig unshihiig zuvluy. Ene bichleg ch gesen minii bodloor lateral marketingtai bas holbootoi zuil gej bodoj bna.

    ReplyDelete