Thursday, May 28, 2009

Рекламны мангас


Жүжигчин Ц.Батхуяг /Амбий/

Энэ реклам дэндэж байна дөө. 22-ийн товчоогоор Улаанбаатар хотруу орж ирэхэд л нээх том том самбарууд дээр хиймэл инээдтэй хүүхнүүд “Тавтай морил”.

Телевизороо асаа реклаам. Радиогоо асаалаа реклаам. Тэгвэл бүх цахилгаан хэрэгслээ унтраа, цонхоо онгойлголоо “Шил авий, шил авий”. Тэгээд цааш нь зуун айл, баянхошуу, их нарангаар Далан давхар явлаа. Их засгаар Алтан өлгий явлаа. Энэ хааш нь явуулах гээд рекламдаад байна аа?

За тэгвэл больёо. Цонхоо хаагаад сонин унших гээд үзээрэй. Ар өвөргүй реклам. Дандаа хямдхан, хямдхан гэсэн рекламууд. Тэр байтугай сонин уншиж байхад гэрийн хаягаар очиж Буудаж үйлчилнэ, Нураана, Нүхэлнэ, Өрөмдөнө, Цоолно Бутална, Тараана. Чингэлтэйд Чөтгөртэй байшин хямдхаан зарна. Чөтгөрийг нь зарах гээд байгаа юм уу? Хямдхан хямдхан гэсэн л үгнүүд.

Сүүлийн үед зурагтын нэвтрүүлэг дундуур сэмхээн реклам гулгуулдаг болсон байна лээ. Жишээлбэл эрүүл мэндийн нэвтрүүлгээр ингэж байгаа юм. Талийгаачид үзлэг хийхэд 1000-ийн архи их хэмжээгээр уусан нь тогтоогдлоо. Зүгээр архи уусан л гэнэ биз дээ. Мянга зянга гээд үнийг нь рекламдаа өгөхөөр чинь өнөө амиа хорлоно гэсэн хүмүүст чинь том реклам болдог юм биш үү?

Гэтэл реклам явуулдаггүй хөтөлбөрийг мэдээллийн хөтөлбөр гэх үү? Тэгвэл бүр горьдсоны гарз болж байгаа юм. Ховордсон ан амьтнаа үржүүлэх тухай нэвтрүүлэг гарч байгаа юм. Тэгэхэд доогуур нь Хөлдөөсөн чоно бөөнд нь авнаа гээд л титр гүйгээл, хөөрхөн зулзагатайгаа зараа гараад ирсэн чинь доогуур нь Зарааны үс ширхгээр нь авнаа. Дээр нь аварнаа, доор нь алнаа гээд л зэрэг орж ирээд хүн яахаа мэдэхээ больж байгаа юм. Үржүүлэх юм уу? Үржүүлчихээд үсийг нь тушаах юм уу? ДОХ ДОХ гээд л сүртэй аргагүй нэвтрүүлэг эхэлсэн хэрнээ доогуур нь бүдүүн, нарийн солонгостой суухад зуучилна. Шоудах залуус байвал шогшоод ир харамсахгүй шүү. Гурван бүсгүй гэрийн хаягаар массаж хийнэ, нэг нь үнэгүй гээд байгаа юм аа. Нэг нь үнэгүй байж байж гурвууланг нь авах гээд байна шд.

Гэтэл сүүлийн үед лам нар хүртэл реклам руу гулгаад орчихсон байна. Ингэж байгаа юм: “UB Palace-ийн концертын их танхимд 3 лам гүнцэг аравнайлна, Ханийн тэнгэр дуудаж, Хараал хийж найдвартай үхүүлнэ”. Заяаны ханьтай нь суулгана. 100%-ийн баталгаа гаргана. Тэр баталгаатай ямар хань вэ?

Одоо энэ чихэнд хоногшсон рекламуудаас болоод хүүхдүүд хүртэл их эвгүй хэлд орж байна. Манай хамгийн том анх хэлд орохдоо “АМ, АМ” гээд байхаар нь энэ ерөөсөө Амбий гэж хэлд орох нь гэж баярлаж байсан чинь “Абжур, Люстер, Вакум цонх” гэж хэлд орсон шд. Дунд хүүхэд маань хүртэл “Наклад диск хадна, дугуй нөхнө” гэж хэлд орсон. Хамгийн бага маань “Эм, Эм” гээд байхаар нь эмээ гэж хэлд орох нь гээд баярлаад байсан чинь “Эмульс, замаска, хөөсөнцөр” гэж хэлд орсон.

Гэтэл Монголчууд бид нар социализмын үед ганцхан рекламтай болоод л байсан байна. “Чанар бол бидний зорилт” энэ бол ерөөсөө голыг нь олоод нийгмээр нь хэлчихсэн байгаа юм. Энд бол төрийн тэргүүн, сэхээтэн, малчин, дээрэмчин, тонуулчин гээд бүгдээрээ хамаарч байгаа юм аа. Жишээлбэл гудамжид тасарч унаад эрүүлжүүлэгдэж байнаа гэдэг нь архаг архичны хувьд бол “Чанартай гударсны” шинж.

Гэтэл сүүлдээ Чингис хаан Оргил рашааныг хэрэглэж, Монфрешийн савласан Өүлэн Үжин сүүнд нугасгүй байсан гээд байгаа юм шүү. Удахгүй Сүхбаатар жанжин Silver гутлын тосоор гоёдог байсан гээд сүнсгүй залах юм байгаа биз.

Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан баатрууд маань хожим нь архины лонхон дээр гэгээн дүрээрээ заларна гэж бодоогүй ч үгүй явсан биз. Ингэж байгаа юм. “Хубилайг хусч хонодог ч юм билүү?”, “Мандухай сэцэн хатанг бөөндье” гээд л “Цогт тайжийг цохичихсон чинь бүр шөнөжингөө зүрх дэлсээд”, “Хар Чингисээр дагнана шүү”. Үгүй одоо бүр Чингис хааныгаа Хар арьстан болголоо шдээ. Ээ дээ энэ реклам нэг л өдөр биднийг залгина шүү!

2 comments:

  1. Сонирхолтой блог байна шүү.
    Хаа хол ертнцийн мухарт байхаар хүн уншихгүй шүү дээ.
    Хүн ихтэй газар руу нүүгээрэй. Банжиг ч юм уу.
    Амжилт

    ReplyDelete