Амжилттай брэндийн талаар ярихад хэн бүхний толгойд хамгийн түрүүн Coca-Cola гэсэн нэр орж ирэх нь ойлгомжтой билээ. Үнэхээр Coca-Cola шиг сайн танигдсан брэнд байхгүй гэхэд хилсдэхгүй бөгөөд өнөөдөр дэлхий даяар өдөр тутам 1 тэрбум гаруй Coca-Cola ундаа борлуулагдаж байна. Харин 1985 онд Coca-Cola компани энэхүү алдарт брэндээ шинэ найрлага бүхий New Coke хэмээх солих оролдлогыг хийжээ. Coca-Cola компаний удирдлагууд яагаад энэхүү хачирхалтай шийдвэрийг гаргах болсныг ойлгохын тулд юуны өмнө тухайн үед хийжүүлсэн ундааны зах зээл дээр өрсөлдөөн хэрхэн ширүүсч байсныг мэдэх нь зүйтэй юм.
Coca-Cola түүхэндээ үргэлж тэргүүлэгчийн байр суурийг эзэлдэг байв. 1950-аад оны сүүлээр л гэхэд 5 ширхэг Coca-Cola тутамд 1 ширхэг Pepsi зарагдаж байжээ. Гэсэн хэдий ч 1960-аад онд Pepsi өөрийгөө залуусын брэнд хэмээн дахин хоногшуулснаар байдал өөрчлөгдөж эхэлсэн байна. Энэхүү стратеги нь ахимаг насны хэрэглэгчдээ Coca-Cola-д алдах эрсдэлтэй тулгарсан ч гэлээ үр дүнгээ өгсөн байна. Pepsi зорилгоо нарийсгаснаар хөгшин, сонгодог имиж бүхий өрсөлдөгчийнхөө эсрэг хоногших боломжтой болсон. Улмаар 1970-аад оны дундуур Pepsi компани өөрийн брэнд болон “жинхэнэ эдийн” хоорондын ялгааг олонд таниулахаар Pepsi Challenge хэмээх сохор амталгааг хэрэглэгчдийн дунд хийж эхэлсэн байна. Судалгааны дүнд хүмүүсийн ихэнх нь тэр дундаа Coca-Cola-ийн ерөнхийлөгч Robert Woodruff хүртэл Pepsi-ийн амтат найрлагыг таашаасан байна. 1980-аад онд Pepsi энэхүү дайралтаа үргэлжлүүлж дэлхий дахинд Pepsi Challenge ажиллагааг хэрэгжүүлж Пепсигийн үе ирснийг тунхаглав. Түүнчлэн зар сурталчилгаандаа Don Johnson, Michael Jakcson зэрэг алдартнуудыг тоглуулж эхэлсэн байна.
1981 онд Robert Goizueta-г Coca-Cola-ийн ерөнхийлөгч болох үеэр брэндийн тэргүүлэгч байр суурь ганхаж эхэлсэн байна. Coca-Cola зөвхөн Pepsi-д төдийгүй өөрийн бүтээгдэхүүнүүд болох Fanta, Sprite-д зах зээлд эзлэх хувиа алдах болжээ. Diet Coke хэмээх бүтээгдэхүүн нь гайхалтай амжилтыг олсон ч энэ нь эсрэгээр чихэртэй коланы зах зээлийг агшаахад хувь нэмрээ оруулсан байна. 1983 онд Diet Coke ундаа Coca-Cola болон Pepsi-ийн ард 3-рт орох болоход Coca-Cola-ийн зах зээлд эзлэх хувь түүхэнд хамгийн бага буюу 24 хувьтай тэнцэх болсон байна. Хэдийгээр супермаркетуудад илүү олон автомат Coca-Cola-г худалдаалж байсан ч хүмүүс Pepsi-рүү хошуурсаар байлаа.
Эцэст нь Coca-Cola шинэ найрлага бүхий хийжүүлсэн ундааг үйлдвэрлэхээр бэлтгэж эхэлжээ. Жилийн дараа тэд New Coke хэмээх шинэ бүтээгдэхүүнтэйгээр эргэж ирсэн байна. 200,000 хэрэглэгчдийн дунд сохор амталгаа явуулахад New Coke ундаа Coca-Cola төдийгүй Pepsi-ээс ч илүү амттай болох нь тогтоогджээ. Улмаар 1985-4-23-нд New Coke-ийг худалдаанд гаргаж хуучин Coca-Cola-г дэлгүүрүүдээс татаж эхэлсэн байна. Гэвч шинэ бүтээгдэхүүний борлуулалт маш доогуур байсан бөгөөд хэрэглэгчид зуршил болсон бүтээгдэхүүнээ хүсэх болжээ. Coca-Cola компани ч нөхцөл байдлыг ухамсарлаж алдаагаа залруулан хэрэглэгчдийнхээ хуучин андыг буцааж авч иржээ.
Энэ түүхээс Coca-Cola компани маркетинг бол ганц бүтээгдэхүүнээс илүү өргөн далайцтай ойлголт гэдгийг мэдэж авсан байна. Coca-Cola өөрийгөө: “Coca-Cola-тай адилхан цорын ганц зүйл бол Coca-Cola өөрөө. Энэ бол жинхэнэ эд” хэмээн сурталчилж байсан ч брэндийнхээ хамгийн гол хоногшуулалтыг эвдэж “шинэ” хэмээх тодотголтой бүтээгдэхүүнийг гаргасан нь хамгийн том алдаа байв. Хэрвээ ямар нэгэн шинэ хийжүүлсэн ундааг зах зээлд танилцуулах юм бол энэ нь Coca-Cola биш харин Pepsi л /хэдийгээр Coca-Cola-аас 10хан жилээр залуу ч гэсэн/ байх болно.
No comments:
Post a Comment