Өнөөдөр хүн бүр л брэндүүдийн талаар ярих болсон байна. Гэвч хэрэглэгчид брэндээс илүү нэр төрөлд анхаарлаа хандуулдаг. Хэрвээ чи спорт зааланд хичээллэх бол хамгийн түрүүнд надад эрч хүч оруулагч ундаа /energy drink/ хэрэгтэй гэж бодно, тэгээд Red bull худалдаж авна. Хэрвээ чи шөнийн цэнгээний газар /night club/ бүсгүйчүүдийг дайлж өөрийгөө ямаршуу залуу гэдгийг харуулахыг хүсвэл Grey Goose захиалах болно. /Монголд бол Соёмбо захиалах байх/ Хэрвээ гэрийн эзэгтэй мөнгөө хэмнэхийг хүсвэл шууд л Wall-Mart явах болно. Брэнд бүр өөрийн гэсэн нэр төрөлтэй байдаг. Хүмүүс ямарваа нэгэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаар шийдэхдээ брэндүүдээр дамжуулан сонголтоо хийдэг. Жишээ нь:
Аюулгүй автомашин – Volvo
Төгс жолоодлоготой автомашин – BMW
Спорт автомашин – Porsche
Хямд үнэтэй автомашин – Hyundai
Найдвартай автомашин – Toyota
Тансаг ангиллын автомашин – Lexus
Нэр төрийн баталгаа бүхий автомашин – Mercedes Benz
Гэвч сүүлийн үед зарим нэг брэндүүд алдаа хийж эхэлж байна. Жишээ нь Volvo С70 хэмээх спорт автомашин, мөн тансаг ангиллын автомашинуудыг үйлдвэрлэж эхлээд байна. Байзаарай ингэхэд Volvo гэж юу билээ?
Найдвартай? Спорт? Тансаг? аль нь вэ? Хэрвээ энэ бүхэн бүгдээрээ Volvo бол бодит байдал дээр юу ч биш гэсэн үг. Хэрвээ чи бүхий л зүйлийг санал болгож эхлэх юм бол хэрэглэгчдийн оюун ухаанд үлдэж чадахгүй. Өнөөдөр дэлхий дахинд 36 автомашины томоохон брэндүүд оршиж байна. Хэрвээ энэ ширүүн өрсөлдөөнд тэсч үлдэхийг хүсвэл зөвхөн ганцхан нэр төрөлд л төвлөрөх шаардлагатай. Юм болгон дээр нэрээ тавихыг хүсвэл ямаршуу үр дүнд хүрч болохыг дараах жишээнүүд харуулах болно.
Хэрвээ хэн нэгнээс Chevrolet гэж юу вэ? гэж асуух юм бол “Том, жижиг, хямдхан, үнэтэй, суудлын эсвэл ачааны автомашин” гэж хариулах байх. Тиймээ энэ бол юу ч биш гэсэн үг. Өнөөдөр General Motors-ийн ядахдаа ганц ч гэсэн брэнд хэрэглэгчдийн ой ухаанд ямар нэгэн үгийг эзэмшиж чадахгүй байна. Бүгдээрээ GM-ийн брэндүүдийн сурталчилгааг санацгаая.
Chevrolet: American revolution /Америкийн хувьсгал/
Saturn: People first /Хүмүүс нэгдүгээрт/
Pontiac: Action /Үйлдэл/
Buick: Beyond precision /Нягт нямбайгаас илүү/
Cadillac: Life, liberty and the pursuit /Амьдрал, эрх чөлөө ба эрмэлзэл/
GM өнөөдөр олон тэрбум доллар алдаж байгаагийн гол шалтгаануудын нэг бол брэнд бүрээ ямар нэгэн нэр төрөлд төвлөрүүлж чадаагүйд оршино. Брэндүүд ямар нэгэн нэр төрөлд харьяалагддаг. Та брэндийн биш, харин нэр төрлийн тулаанд ялах ёстой.
No comments:
Post a Comment